8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ өдөр Бурхан багш гурван мянган ертөнцийг гийгүүлсэн

2016-02-13 10:10:00

Бурхан багшийн арван таван рид хувилгаан

Шинийн 5-ны өдөр.  Варанас хотын хаан Брахмадата Бурхан багшид идээ зоог барих үед Бурхан багшийн мишээсэн нүүрнээс цацарсан алтан цацраг гурван мянган ертөнцийг дүүргэн амьтны муу заяаг арилган, бясалгалын амар амгалангаар цэнгүүлсэн өдрийн хөрөг ажээ.

Бурхан багш рид хувилгаан, эрдэм чадлыг үзүүлсэн өдрүүд цагаан сарын 15 хоногт тохиодог билээ. Бурхан багш Шравасти хэмээх хотын дэргэд хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ныг дуустал рид хувилгаан эрдэм чадал авьяас билгийн гайхамшгийг үзүүлэн тэрсүүдийн багш нарыг номхтгосон номын баярын өдрүүд ажээ.

Бурхан багш

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд шүдний чигчлүүрээ газарт шигтгэн хүслийг тэтгэгч мод болгон хувиргасан

Шинийн хоёронд шидийн хүчээр үзэсгэлэнт хоёр эрдэнийн уул бий болгосон

Шинийн гурванд сэрүүцүүлгийн усаа газарт асган бадам цэцгийн цөөрөм тогтоосон

Шинийн дөрвөнд цөөрмөөс дээдийн номын дууг эгшиглүүлсэн

Шинийн таванд нүүрнээс нь цацарсан гэрэл гурван мянган ертөнцийг гийгүүлсэн

Шинийн зургаанд цугласан олон бие биенийхээ бодлыг мэдсэн

Шинийн долоонд өглөгийн их эздийг Загравардийн хаан болгосон

Шинийн найманд тэрсүүдийг зургаан дияанч нарыг номхтгосон

Шинийн есөнд Дүрс тэнгэрийн орон хүртэл хувилан ном айлдсан

Шинийн арванд ертөнцөөс хэтрэн Орчлонгийн үзүүр хэмээх Дүрсгүй тэнгэрийн хязгаар орныг хүртэл хувилан ном айлдсан

Шинийн арван нэгэнд өөрийн биеэ үл үзүүлэн хувирч номын сургаалаа зарлигласан

Шинийн арван хоёронд лагшнаас нь алтан цацраг цацарсан

Шинийн арван гурванд хүйснээс нь гэрэл цацран арван зүгийн ертөнцийг дүүргэсэн

Шинийн арван дөрвөнд шидсэн цэцэгнээс нь гурван мянган орныг дүүргэх эрдэнийн модон тэрэг буй болсон

Шинийн арван таванд сав бүгдийг тэнгэрлэг идээгээр дүүргэн мутраар газар дарахад гарсан гэрэл нь тамын орныг Энхжингийн орон болгож эрдэм чадал билиг оюуны гайхамшгийг үзүүлж тэрсүүдийн /буруу номт/ зургаан багшийг номтгосон түүхтэй.

Энэ үйл явдлыг сүсэгтэн олон даган баясаж өглөг үйлдсэнээр асар их буяныг хураасан гэдэг. Тиймээс эдгээр өдрүүдэд ном буян үйлдвэл асар их буян хураах нигуртай.

Бурхан багшийн рид хувилгааныг зохиомжилсон зураг өдгөө Эрдэнэ зуу хийдэд хадаглагдаж байна. Үүнээс шинийн найман, арван дөрвөн, арван тавны өдрүүдийн зураг үрэгдсэн байна.

"Рид хувилгааны магтаал"-д арван таван өдрийн үйл явдал, өглөгийн эздийн тухай тодорхой өгүүлсэн буй. 

Наму мүни индра яа

Агуу их хоёр чуулганы эцэст хүрэн гадар дотрын

Дөрвөн шимнус бүхнийг даран есөн ихийг боол болгогч

Хамагийг айлдан тэнгэрийн тэнгэр болсон

Шагжаан эрхэм түүнд мөргөмү.

 

Итгэл чи гэрэлт цэцэрлэгт суусан цагт

Найдангуйг эрхлэгч зургаан багшийн хүссэнийг

Газар тэтгэгчийн чуулганд дуртгагдан ёр хувилгаанаар

Гэсгээн даган барихуйг залбирагдсанд мөргөмү.

 

Өлзийн хүрдэн бэлгэт хос хөлийг

Олон орон шилтгээнд зохиохуй үйлсээр

Буян, агуу их арвитгасан тул тэнгэр хүмүүний чуулган

Тоолш үгүйг хураан зохиогчид мөргөмү.

 

Хэзээ нэгэн Шарвастад хааны дүү

Хэсэглэн огтолсныг үнэн үгсээр амьдруулаад

Ёр хувилгааны дуршлын гэрийг бэлгэ билгийн галаар арилгаж

Олон рид хувилгаанаар ирсэнд мөргөмү.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МӨРГӨЛЧ
БУРХАН ЧИНЬ ЭМЭГТЭЙ ХҮН БАЙСАН ЮМ УУ.ТЭГЭЭД НӨХӨР НЬ ХААНА ЯМАР ХҮН БАЙДАГ БОЛ ОО.
2016/02/14 103.17.108.42