8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайдын мэдэгдлийн араас.

2024-04-01 13:13:00

“Улаанбаатараас ярьж байна...”. Ийм нэртэй контент өнгөрсөн амралтын өдрүүдэд монголчуудад хүрлээ. Хэт олон сувгаар гарах нь гэсэн шүүмжлэлээр эхэлсэн энэхүү ярилцлагын зочин нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ярилцагч нь Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг байв. Хэлбэр, хийц, давталт, цацалт гээд бишгүй л яриа сошиалд өрнөлөө. Гэхдээ энэ бол тийм ч чухал зүйл биш. Харин энэхүү ярилцлагаар Ерөнхий сайд юу өгүүлэх гэсэн бэ гэдэг сонин байв. Яагаад гэвэл, тэр 2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш төдийлөн олон нийтийн өмнө ил гарч, ингэж ярьж, гол нь сэтгүүлчийн асуултад дэлгэрэнгүй хариулж байгаагүй. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдлууд, гаргасан шийдвэрүүд, цаашдын алсын хараагаа ярьсан учраас анхаарал татсан хэрэг.

Ерөнхий сайд өнгөрсөн 30 жилийн алдаа, оноог дэнсэлж, шинэ 30 жилийн эхлэл цэг энэ цаг мөчид нь тохиож буйг хэдэнтээ онцолсон. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн голлох бүхий л үйл явдлуудаар байр сууриа илэрхийлсэн. Ковид19 цар тахал, Монголд бугшсан системийн авлига, хонгилын шүүгч, С.Зориг агсны амь насаа алдсан хэрэг, эдийн засгийн нөхцөл байдал, Хөгжлийн банк, Улаанбаатар хотын шинэ төлөвлөлт, “Нүүрсний хулгай”, Оюутолгой, Үндсэн хуулийн өөрчлөлт, энэ зуны УИХ-ын сонгууль гээд л...

Гэхдээ энэ бүхэн нь нэг л цэг дээр очоод төвлөрч байсан нь системийн авлига. 30 жилийн хугацаанд бүрэлдэн тогтсон систем гурав, дөрвөн жилийн дотор нурахгүй гэдгийг онцолж байв. Тэглээ гээд бас орхиж болохгүйг онцолсон. Авлигатай тэмцэх ялын бодлогыг чангалж, Засгийн газрын сангуудын мэдээллийг ил тод болгож, хамгийн гол нь авлигыг үл тэвчих үзэл санаа нийтийн дунд бий болсныг тэр хэлж байлаа. Үнэхээр ч өмнө нь хөшигний ард улстөрчид ард түмнээсээ хулгайлж ирсэн олон булхайг энэ засаг дэлгэсэн. ЖДҮ, Боловсролын зээлийн сан, Хөгжлийн банк, нүүрс гээд багагүй хулгай ил болсон, эхнээсээ шүүхэд шилжээд буй. Гол нь авлигын системийг “угсарсан” хүмүүс шүүх засаглалд хэтэрхий гүн гараа дүрчихсэн учраас хэрэг нь эцэслэгдэхгүй байгааг хэллээ. Бодох л өнцөг.

Мөн тун удахгүй нийслэл Улаанбаатар хотод бугшсан авлигын асуудлыг ил гаргах нь гэсэн хүлээлтийг нийгэмд үүсгэчихлээ. Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч буй нийслэл хотод овоорсон энэ бүх асуудлын эх нь мөн л авлигатай шууд холбогдож буйг хэлсэн. Өөрөөр хэлбэл, асуудлыг шийдэхийн тулд “танай, манай нам” гэх ямар ч боломжгүй, харин олон нийтийн эрх ашгийг нэгд тавьж ажиллах ёстойг хэлсэн. Ингээд зогсохгүй Улаанбаатар хотын төвлөрлийг задлах үүднээс 42 дүүрэгт хуваах, Бага тойргоос төрийн байгууллагууд, тэр дундаа Засгийн газар манлайлал үзүүлж гарах зэргийг хөндөв. Энэ мэт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын араас хөөж, хөвөрдөх зүйлс бишгүй олон байв. Засгийн газар ойрын хугацаанд хэрэгжүүлэх алхам, 2024 оны УИХ-ын сонгуульд эрх баригч МАН-ын хэрхэн оролцох зэрэг өнцгүүд ч эхнээсээ тодорхой боллоо.

Тухайлбал, энэ удаагийн УИХ-ын сонгууль Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу нэлээд онцлогтой болно. Парламентын ардчиллыг бэхжүүлэх, дэлхийн геополитикийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгсний эцэст УИХ-ыг 126 гишүүнтэй байхаар хуульчилсан. Ингэхдээ сонгуулийн холимог тогтолцоог ч Үндсэн хуульдаа суулгаж өгсөн учраас “Намын жагсаалт” ямар байх вэ гэсэн хүлээлт нийгэмд үүсчихээд буй. 2012 оны УИХ-ын сонгуулиар зарим нам жагсаалтын эхний байруудаа тэрбум, тэрбумаар үнэлж, хоёр том намын хувьд дарга нар нь жагсаалтад орж байсан. Тэгвэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ парламентад нийгмийн төлөөлөл бүхэлдээ орж ирэх боломжийг жагсаалт гэж харж буйгаа илэрхийллээ. Тэгээд ч зогсохгүй жагсаалтад бичигдэх 48 хүнээ эмч, багш, инженер, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн төлөөллүүдээс бүрдүүлэх ёстой гэв. Мөн хэрэв жагсаалтаа үнэлж зарсан, үгүйдээ намын удирдлагууд нь бичигдсэн намыг сонгохгүй байхыг ч уриаллаа.

Энэ удаагийн ярилцлагаар тодорсон бас нэг зүйл нь Оюутолгой төсөл. Далд уурхайн бүтээн байгуулалт нь дуусаж, Засгийн газар хөрөнгө оруулагч “Рио Тинто”-той тохиролцоонд хүрсэн гэсэн ойлголт нийгэмд байсан. Тэгвэл 4 бүлэг 30 гаруй асуудлаас ердөө “ганцхан хуудас” нь шийдэгдсэн гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв. Цаашлаад говийн ус, Оюутолгойн баяжмал дахь алтыг ялгаж авах, татварын маргаан, цахилгаан эрчим хүчээр төслийг хангах зэрэг маш олон асуудлаар хөрөнгө оруулагч талтай ярилцах ёстой гэдгийг хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ $ 780,000.00 DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2024/04/05 102.88.68.125