8o
Улаанбаатар хот
mobile menu

Алтангэрэлийн БОЛД: Хавдар эрт оношлогдох тусмаа эмчилгээ нь үр дүнтэй

2016-05-02 11:20:00

 "Хүмүүс"  булангийнхаа зочноор Интермед эмнэлгийн цээжний хөндийн мэс заслын эмч Анагаах ухааны доктор, Тэргүүлэх зэргийн эмч А.Болдыг урилаа. 

-Таныг цээжний хөндийн мэс ажил бараар мэргэшсэн, Монголын урдаа барих тэргүүлэх эмч нарын нэг гэж сонссон. Та ямар төрлийн хагалгааг ихэвчлэн хийж байна вэ?

-Би цээжний хөндийн буюу уушги, улаан хоолой, хөхний хавдар мөн голтын хавдрууд зэрэг хортой болон хоргүй хавдрын хагалгааг хийж, эмчилгээ үйлчилгээг иргэддээ үзүүлж байна. Ер нь манай иргэдийн эрүүл мэндийн боловсролын төвшин хангалтгүй  байгааучраас өвчнөө ихэвчлэн хүндэрсэн хойно нь эмчид, эмнэлэгт ханддаг нийтлэг дутагдал ажиглагддаг. Хавдрын чиглэлээр дагнасан, ХСҮТ-д ажиллаж байгаад энэ эмнэлэгт ирсэн учраас юу гэж хэлэх вэ гэхээр ерөөсөө ямарваа нэг өвчин, хорт хавдар гэж яриад байгаа зүйл маань унтаж босож ирэхэд л бий болчихдог зүйл огт биш.  Тодорхой хугацаа хэрэгтэй байдаг. Жил, жил хагасын өмнө бий болсон юм явсаар байгаад эцсийн шатандаа орчихдог. Та бүхэн бүгд мэднэ манайд оношлогдож байгаа нийт хорт хавдрын 75-80  хувь нь дандаа 3,4 дүгээр шатандаа оношлогдож байгаа. Гэтэлтэр үед хийгдэх эмчилгээ маань асар их том эмчилгээ болдог. Том мэс ажилбар, хими эмчилгээ хийгээд эцсийн үр дүн нь маш бага байдаг. Би Интермед эмнэлэгт ирсэн 2 жил гарангийн  хугацаан дахь нийт хагалгааныхаа үе шатыг харьцуулаад үзэхээр харьцангуй эрт үеийн хавдрууд энд хийгдсэн байна. Харьцангуй гэдэг нь зарим хүмүүс эрүүл мэнддээ нэг үеэ бодвол их анхаардаг болсон байна. Бид 1,2 дугаар шатанд нь оношилж хагалгаа хийгээд амжилттай эмчлээд явж байгаа олон тохиолдол байна.

-Хавдраа эхний үе шатанд нь оношлуулаад, тэгээд эмчилгээгээ зөв хийлгээд явж байгаа хүмүүсийг азтай гээд хэлэхэд буруудахгүй байх. Ямар нэг онош нь тодорхой бус хүмүүс орон нутгаас Улаанбаатарт ирээд эмчлэгч эмч, эмнэлгээ олох гэж нилээдгүй хугацаа, бас тэр хэмжээний мөнгөө үрдэгл дээ. Энэ нь харамсмаар санагддаг юм.

-Улаанбаатар хотод байгаа улсын болон хувийн эмнэлгүүдийн маань хөгжлийн төвшин нэг жигд биш байна л даа. Очер дугаар, шинжилгээний багаж, тоног төхөөрөмж нь тухайн эмнэлэгтээ иж бүрэн байхгүйгээс болоод олон өөр эмнэлгүүдийн үүд  хаалга сахих болдог. Гэтэл хүн гэдэг амьтан маань өөрөө их сонин тэр олон явдал чирэгдэл дунд залхаж эхэлдэг. Залхсан хүн маань орхидог эсвэл хялбар гэж бодоод энэ хооронд явж байгаад бөө дочдог юмуу, таарах таарахгүй нь үл мэдэгдэх уламжлал тарга гээд яваад өгдөг. Гэтэл үнэн хэрэгтээ тэр хүн өөрийнхөө өвчний мөн чанарыг ойлгоогүй л байдаг. Тэгээд эргээд ямар үедээ эмчдээр ирдэг вэ гэхээр хоол нь орохоо больчихсон, амьсгалын замын дутагдалд орчихсон ирдэг гэхмэт. Интермед эмнэлгийн хувьд манай үүдээр үйлчлүүлэгч орж ирэхэд  эмч үзээд шаардлагатай байгаа бүх шинжилгээг нь бичээд өгнө. Үүний дараа сувилагч танд шинжилгээний цагуудыг тань авч өгдөг. Шинжилгээний хариуг нь гармагц бид танд оношийг чинь тавьж өгнө. Нэгэнт үйлчлүүлэгч маань оношоо мэдсэн тул мэс заслын болон дараагийн эмчилгээгээ хаана хийлгэх нь тухайн хувь хүний сонголтын асуудал. Тэрнээс  Интермедэд  үзүүлсэн тул заавал ч үгүй энд хийлгэнэ гэсэн ойлголт байхгүй. 

-Танайд улсын болон бусад хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй  адил цаг алдах, хүлээгдэх гэсэн ойлголт байхгүй гэж ойлгож болохуу?

-Интермед эмнэлгийн хувьд бүх юм цаг нартай. Цаг нартай гэдэг маань бүх зүйл хугацаатай гэсэн үг. Манайд ч мөн бусдын адил ачааллууд байгаа. Тэрийг нуухгүй. Гэхдээ тэр ачааллыг их зөв замаар зохицуулдаг. Хүлээгдэл байхгүй, байлаа гэхэд цаг нь тодорхой. Ажлын 6 өдөражиллаж байгаа. Манай оношлогооны тасаг гэж ярьдаг лаборатори, рентгений тасгууд маань 24\7 ажиллаж байна. Мөн Америк менежменттэй учир бүх зүйл хяналтан дор явагддаг. 

-Иргэд хувийн бас гаднын менежменттэй зэрэг үгийг сонсоод дааж давашгүй үнэтэй гэсэн хэвшмэл ойлголттой байдаг. Танайд хийгдэж байгаа хагалгааны үнэ ханш ямархуу байдаг юм бол?

-Нэгдүгээрт  Интермед  эмнэлэг 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хоёрдугаарт, гадны менежмент гэдэг маань хяналтын систем гэж хэлэх гээд байгаа юм. Дэгтэй, зарчимтай газар хөгжил бий болдог гэдэг шиг манайд илүү зардал, илүү төлбөр, илүү шинжилгээг авахгүй. Хүмүүсийн ойлголтын зөрүү их байдаг юм билээ. Хувийн эмнэлэгт очихоор шинжилгээг нь давтан авдаг юм билээ гэж. Гэтэл манайхан Солонгост очоод Монголд хийлгэсэн бүх шинжилгээгээ давтахад нь юу ч дуугардаггүй. Түүнтэй адил  Интермедэд  ирэхэд таны зарим шинжилгээг магадгүй давтана. Гэхдээ энэ нь эцэстээ таны аюулгүй байдлыг л хангаж байгаа юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Манайд хийгдэж байгаа мэс ажилбарууд чанарын хувьд Солонгос, Тайвань, Японд хийгдэж байгаа мэс ажилбаруудаас тийм тэнгэр газар шиг зөрөө байхгүй. Харин үнийн хувьд асар ялгаатай. Зардлын хувьд бодъё л доо. Солонгос руу эмчилгээнд явахад нэг хүнийг дагаад 3 хүн явдаг. Гэтэл Солонгос явж байгаа 5 хүний онгоц, байр хоолны зардлаар энд нэг хагалгаа хийж байна. Зөвхөн зардалтай тэнцэхүйц мөнгөөр шүү дээ. Интермед мэдээж улсын эмнэлгийг бодвол төлбөртэй. Гэхдээ улсын эмнэлэгтч бас огт төлбөргүй үйлчилгээ гэж байхгүй. Интермед эмнэлэгт хийгдэж байгаа дундаж хагалгаанууд Солонгосоос 4 дахин, Тайландаас 3 дахин, Бээжингээс 3 дахин, Японоос  5 дахин хямдхан гэсэн тооцоог хийгээд байгаа юм. 

-Төсөөлөөгүй мэдээлэл байна. Магадгүй иргэд маань мэдээлэл хомс учраас гадагшаа явж хагалгаа хийлгээд байдаг байх л даа. Ийм сайхан мэдээг та бүгд олон хэрэгтэй хүнд нь хүргэмээр санагдах юм.

-Яг үнэндээ эмч бид чинь насан туршдаа суралцаж байдаг. Тоног төхөөрөмжүүд ч технологийн хөгжлийг дагаад жилээс жилд сайжирсаар байдаг. Мөн иргэдийн маань дунд нэг эмчид үзүүлээд дахиад өөр эмчид үзүүлэхээр нөгөө эмч нь гомдчихвий гэж боддог хэвшмэл сэтгэлгээ байдгийг үгүйсгэхгүй. Энэ бодлоо иргэд маань толгойноосоо авч хаяасай. Жишээлбэл, бид машинаа эвдчихээд 2-3 засварын газраар орж судалдаг биздээ. Гэтэл өөрийнхөө биеийн асуудлын талаар үнэн зөв мэдээлэл олж авахын тулд түүнээсч олон газар очих хэрэгтэй гэж би хувьдаа боддог.  Гадаад явж эмчилгээ хийлгэх талаар асуудал руу оръё л доо. Дахиад л өвчтөнүүд маань айсан юмнаасаа зугтдаг. Ганцхан жишээ хэлье. ХСҮТ бол 200 ортой 3 сая хүн амд үйлчилж байгаа үндэсний төв. Гэтэл Хавдар судлалын эмч нар үзүүлж байгаа бүх өвчтөнүүддээ тулж ажиллах нөхцөл байдал нь хомс. Энд би нэг эмчид ногдох өвчтөний тоог хэлж юм. Интермед эмнэлгийн хувьд бид улсын эмнэлгийн ачааллыг хөнгөлж өгөх, улсын эмнэлэгт байгаа ачааллаас хуваалцах, нөгөө  талаас дэмжлэг  үзүүлэх  үүднээс ажиллаж байгаа  гэж ойлгодог.

-Та сая айдсын тухай дурдлаа. Мэдээж эмчээс  хэцүүхэн хариу сонсох хүнд шүү дээ?

-ХСҮТ-д үзүүлээд шинжилгээ өгөөд 7 хоногийн дараа хортой хавдар гэсэн онош тавиулаад гарч ирж байгаа хүмүүс маань бүгд л айдастай байдаг. Айж гарч ирээд  Хавдрыг тойроод байгаа  Солонгос  эмнэлгүүдийн хаяг сурталчилгааг хардаг. Тэгээд айсан хүн чинь хамгийн хол юмаа харна. Яагаад гэвэл юмнаас айсан хүн хол  зугтаая гэж боддог.  Утастаад  үзэхэд бүх юмыг эмчилнэ л гэнэ. Тэгээд 60,70 сая төгрөгөө үрээд эмчилгээ хийлгээд ирдэг. Гэтэл яваад ирсэн хүнд хяналт тогтоох улсын эмнэлэг байдаггүй. Хортой хавдрын эмчилгээ бол нэг үеийн, нэг удаагийн эмчилгээгээр дуусдаггүй байнгын хяналтад байдаг гэдгийг ойлгох нь чухал л даа. Манай эмнэлэгт хяналтад байгаа хүмүүсийн тодорхой хувь нь гадаадад эмчилгээ хийлгэсэн хүмүүс байна. Би бол тэр хүмүүсийг буруутгадаггүй. Би тэр өвчтөнийг хараад өрөвддөг юм. Яагаад гэвэл гэрээсээ хол байгаа хүмүүс хэзээ ч тав тухтай амардаггүй.  Интермедэд  ирээд нэг эмчилгээ хийлгэсэн хүмүүс дахиж явахаа больдог. Гэтэл тэр мэдээлэл хүмүүст дутмаг байгаад байна л даа. Би бас ганцхан жишээ авъя, түрүү долоо хоногт өмнө нь Солонгост жижиг мэс ажилбар хийлгэж байсан залуу манайд ирж мэс ажилбар хийлгэсэн юм. Тэр залуу мэс заслын өрөөнд ороод  пөөх яг Солонгос эмнэлгийн хагалгааны өрөө байна ш дээ гэж хэлж байсан. Гэтэл энэ маань зөвхөн Солонгост байдаг эмнэлэг шиг биш, дэлхий дахинд стандарт болсон  эмнэлгийн жишиг гэдгийг л хэлэх гээд байгаа юм.

-Хоёулаа нэгэнт гадаад улсад хагалгаа хийлгэх болон Монголд хагалгаа хийлгэх зөрүүтэй ойлголтын талаар яриад эхэлчихлээ. Би Таныг зорьж ирэхдээ өвчний талаар нарийвчилжа сууя гэжбодоогүй. Угаасаа ч сэтгүүл, сониноор дамжуулан хүнд онош тавьж, эмчлэх боломжгүй. Харин тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэн маань энэ мэдээллийг олж уншин өөрийнхөө эмчилгээний төлөвлөгөөг зөв гаргаасай гэж хүссэн юм.

-Манайхан мэдээллийг ихэвчлэн буруу талаас нь авдаг. Интернэтээс нэг өвчний нэр хайгаад гаргаад ирдэг. Гэтэл тэр нь энгийн төвшний л мэдээлэл байдаг. Тэгээд тэрийгээ эмч дээрээ барьж ирээд маргаад байдаг. Өөрөө мэдлэгийн төвшин доогуур учраас эмчийг ирээд хардаад байдаг. Хувийн эмнэлэг илүү төлбөр авдаг гэдэг ч юмуу ер нь хувийн хэвшлийн талаар дийлэнх масс маань буруу ойлголттой яваад байна. Энэ ойлголтын хувьд манай Интермед эмнэлэг бүх ажлаа багаараа хийдэг. Нэг хүн ирлээ гэхэд бүх талаас нь эмч нар маань ярилцаад  нэ ижил эмчилгээний замуудыг бий болгодог.  Мөн бид танд замыг тань л заагаад өгье. Тэр зам нь ХСҮТ нөгөөх нь  Интермед гэх зэргээр шууд хэлдэг. Айлаас эрэхээр авдраа уудал гэж Монголын сайхан үг байдаг. Ер нь бол зарим хүмүүс зорьж ирнэ зарим хүмүүс санамсаргүй ирнэ. Бүр “аз таарж энэ эмнэлэг маань нисэх орох замд юм байна” гэж ирсэн үйлчлүүлэгч ч байна. Заримдаа бид гадаадад очоод 5 одтой буудалд  аз таарч 30 доллараар буух тохиолдол ч байдаг. Үүнтэй адил хүмүүс маань үнэ гэж яриад буруу ойлголт аваад байх шиг байна.  Гаднаас нь харахад гял цал байна гэдэг чинь цэгцтэй байгаагийн шинж юм уу даа. Мөн хоёр монгол хоорондоо суугаад өвчнийх нь тухай яриад байхад ойлгохгүй байгаа мөртлөө гадаадад очоод гадаад эмчид үзүүлээд дундаа хэлмэрч суулгаад өвчнийхөө тухай 100 хувь ойлголт аваад мэс ажилбар хийлгэнэ гэхээр би бол итгэдэггүй юм. Тиймээс бидний, тэр тусмаа манай мэс заслын баг хамт олны маань гол зорилго бол ерөөсөө л гадагшаа урсаж байгаа урсгалыг тодорхой хэмжээгээр сааруулах, Монголдоо хийж болох юмнуудаа хийчих юмсан гэж зорьдог. Гэтэл ард түмэн маань нөгөө л мэдээлэл хомс, дээрээс нь бидний өөрсдийгөө таниулах зав чөлөөтэй холбоотой байх.

-Эмчилгээ, хагалгаа бүр эрсдэлийг агуулж байдаг байх. Хагалгааны хүндрэлийн тухай мэдээлэл өгөөч?

-Эрсдэлгүй эмчилгээ, мэс ажилбар гэж хаана ч байхгүй. Итгэлцэл л хамгийн чухал. Эмчид хүн итгэж байж үр дүн нь гардаг. Манай нэг мундаг профессор надад хэлж байсан. Болдоо 100 хувь өвчин байна гэж бодоход чи түүний 30 хувьд л тусалж чаддаг. Үлдсэн 70 хувь нь тэр хүнээс чинь шалтгаална  шүү гэж. Гэтэл манайхан эмнэлэгт ирээд л бүх ачааг эмчдээ үүрүүлэх гээд байдаг. Би танд амь насаа даатгалаа гэдэг ч юмуу. Үнэн хэрэгтээ тэр хүн л өөрөө өөрийнхөө тухай шийднэ. Интермедэд  хийгдэж байгаа мэс ажилбарын 90 хувь нь хөнөөл багатай мэс ажилбар болох дурангаар хийгдэж байгаа. Энгийн үгээр тайлбарлавал 10 см зүсэх зүслэг маань 3 см боллоо л гэсэн үг. Эдийн гэмтэл бага байх тусам эдгэрэх хугацаа хурдан байна гэсэн мэс заслын эмчийн барьдаг гол зарчим байдаг.

-Танай эмнэлэг үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг 90 жил хадгалах боломжтой гэж сонссон. Энэ мэдээж нэг давуу талуудын тань нэг байх?

-Эмнэлэг маань олон улсын эмнэлгийн  түвшинд  хүрэхүйц техник технологийг Монголдоо нэвтрүүлж байгаа болохоор Таны асуугаад байгаа  өвчтөний  түүхийг хадгалах бүрэн бололцоо бүрдээд байгаа юм. Ер нь олон улсын ихэнх  эмнэлгүүд үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг тодорхой хугацаагаар хадгалж байдаг. Ямар нэг эмчилгээний дараагийн үр дүнг тооцохын тулд  заавал ч үгүй судалгааны ажил шаарддаг. Тэгэхээр бидэнд хэчнээн олон түүх  хадгалаатай байна эргээд  тэрнээсээ  дүгнэлт хийх бололцоо бүрдэж бүртгэлийн системтэй болж байгаа юм. Нэг хүн нэг бүртгэлийн кодтой, бүх шинжилгээ мэдээллүүд нь  хадгалаатай байна. Энэ бол олон улсын стандарт л явж байгаа гэж хэлмээр байна.

-Одоогоор  Интермед  эмнэлэгт ямар төрлийн хагалгаа, эмчилгээг хийж байна?

-Ерөнхийдөө  Интермед  эмнэлгийн хувьд Ерөнхий мэс заслын тасаг дотроо цээжний хөндийн, элэг цөсний мэс заслын тасаг байдаг.Үндсэндээ Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа тархи, зүрх, нугас, үе  мөчнөөс  бусад бүх мэс ажилбарууд манайд бүрэн хийгдэж байгаа. Ходоод, уушги, улаан хоолой, элэг, олгой гэх зэрэг бүх мэс ажилбарыг хийж байна.Нөгөө талаас бид хавдрын дараах химийн эмчилгээнүүдийг хийж айгаа. Хавдрын мэс заслын дараах химийн эмчилгээ маань 6-8 зарим тохиолдолд 12 хүртэлх курс эмчилгээ хийгддэг учраас химийн эмчилгээний  эрсдэлийг бууруулахын тул суулгац тавьж түүгээр нь тариагаа хийж буй зэрэг олон улсын стандартын жишигт хүрэхүйц хөтчүүдийг хэрэглэж нэвтрүүлж байгааг онцлон хэлье. Мөн манай мэс заслын дараах Эрчимт эмчилгээний баг маань маш хүчирхэг гэдгийг хэлэх нь зүйтэй байх.Тоног төхөөрөмж,  боловсон хүчин нь Монгол Улсын хэмжээнд бараг байхгүй баг гэж хэлж болно. Дүгнээд  хэлэх юм бол  хүнийг эрүүл, урт удаан амьдруулахын тулд манай хамт олон нэг баг болж  ажилладаг.Зөвхөн эмч эмнэлгийн ажилтан бус өвчтөн түүний ар гэр ч үүнд багтдаг. 

Ярилцсанд баярлалаа.Танд амжилт хүсье. Б. Болормаа
 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Сүүлийн үед хавдараар бизнес хийх хандлага бий болоод байгааг төр засаг анхаарах хэрэгтэй байна
2016/05/07 103.17.108.42
mongoliin emch nar ch ajillah orchin tonog tohooromjii ni shinechleed saijruulad ugvul delhiid bas ch gj gaihagdanado mundag shde
2016/05/03 103.17.108.42
24
сайхан эмнэлэг үйлчлүүлэх дуртай шүү
2016/05/02 103.17.108.42