8o
Улаанбаатар хот
mobile menu

“Сайн”-ыг тоймлов

2016-05-02 17:58:00

Өнөөдрөөс эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас санаачлан нийт сэтгүүлч, хэвлэл мэдээлэлийн байгууллагууд дунд өрнүүлэх “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян” эхэлж байна. Тус аян нь нийгэмд тустай сайн мэдээ түгээх соёлыг хэвшүүлэх, мэдээллийн урсгал дундаас эх орон хувь хүн, олон нийтэд хэрэгтэй мэдээлэлийг илүү чухалчлан түгээх, сайн мэдээ түгээсэн хэвлэл мэдээлэлийн хэрэгслийг илүүтэй хүндэтгэдэг хандлагыг төлөвшүүлэхэд уг аяны гол зорилго оршиж байна. Тус аяны хүрээнд chuhal.mn сайт үдэш болгоны яг энэ цаг мөчид бүгдийг биш зөвхөн сайн мэдээг тоймлон хүргэж байх болно. Сайныг тоймлов” булангаас та эх орон, хувь хүн, нийгмийн хөгжилтэй холбоотой эерэг гэрэл гэгээтэй мэдээлэлийг унших болно гэдэгт итгэлтэй байна. 

ЕБС-ийн сурагчид Туул голыг цэвэрлэжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр ЕБС-ийн сурагчид Туул голын ойр орчмыг цэвэрлэжээ. Тухайлбал, нийслэлийн нэгдүгээр сургуулийн Л.Мягмар-Очир багштай 10Д ангийн 32 сурагч сайн дураар Туул голын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажил зохион байгуулсан байна. Энэхүү цэвэрлэгээний ажилд ХУД-ийн Тохижилт үйлчилгээний төв, ОНӨААТҮГ-ын ажилчид хамтран оролцожээ. Тус төвийн ажилчид сурагчдыг ажлын багажаар хангасан бөгөөд  цэвэрлэгээнээс гарсан хог, хаягдлыг ачиж хогийн цэгт хүргэсэн байна.  

Гавъяатууд арван оюутны төлбөр төлнө

“Шинэ үе”  продакшны захирал Н.Ариунболд, “Х ТҮЦ” продакшны Л.Баттулга нар хамтран  “Найзууд” цоо шинэ инээдмийн энтертаймент шоу тоглолтыг үзэгчдэд толиулахаар  болжээ. Тодруулбал, хоёр жүжигчин энэ сарын 6-наас эхлэн өдөр бүр МҮЭСТөв тус тоглолтоо тоглох юм байна. Энэхүү тоглолтын орлогоос арван оюутны сургалтын төлбөрийг төлөх аж. Энэ талаар “Шинэ үе”  продакшны захирал Н.Ариунболд “Сайн сурлагатай хэрнээ амьдралын нөхцөл, шаардлагаас үүдэн сургалтын төлбөрөө төлөх боломжгүй арван оюутны сургалтын төлбөрийг нь төлж өгнө. Хамгийн гол нь тухайн оюутан сурах чин хүсэлтэй, нийгмийн идэвхи сайхтай байх нь чухал” хэмээн ярьжээ.

 1 хүртэлх насны хүүхдүүдэд гэрээр үзлэг хийнэ

Өрхийн эрүүл мэндийн төвөөс дуудлагын дагуу гэрээр үзэж, тусламж үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Тодруулбал, нэг хүртэлх насны хүүхдийг гэрээл очиж үзэх юмс байна. Энэхүү шийдвэрийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлсэн бөгөөд ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх аж. Мөн эрүүл хүүхдүүдийг халдвараас сэргийлэх үүднээс “Товлолт дархлаажуулалт”-ыг долоо хоног бүрийн Бямба гарагт хийж байхаар шилжүүлсэн байна.

Энэ сарыг дуустал А аминдэм олгоно

Өндөр тунт А аминдэмийг тавдугаар сарыг дуустал Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд олгох юм байна. Уг тун нь Улаанбурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг аж. Жил бүрийн тав, арваннэгдүгээр сард А аминдэмийн уулгадаг бөгөөд зургаан сартайгаа нэг  нас хүртэл 12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд тус тус  уулгах юм байна.

МИАТ ТӨХК ОХУ-ын агаарын тээврийн компаниудын техник үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэж эхэллээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Агаарын Хөлгийн Засвар Үйлчилгээний Газар 2013 оноос эхлэн ОХУ-ын зах зээлд гарах зорилт тавин ажилласны үр дүнд өнөөдөр тус компани ОХУ-ын “UT Air Aviation” компанийн В767-200 агаарын хөлөг болон “Alrosa Air” компанийн В737-800 агаарын хөлгүүдэд хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлуудыг нэгэн зэрэг гүйцэтгэж байна. 

МИАТ компани ОХУ-д зохион байгууллагддаг “MRO RUSSIA&CIS” олон улсын үзэсгэлэнд 2014 оноос хойш жил бүр оролцох, харилцаа холбоо тогтоох ажлыг эхлүүлэх,  агаарын тээврийн компаниудын техник үйлчилгээний зах зээлийн судалгаа хийх зэргээр ажиллаж ирсэн урт хугацааны хүчин чармайлт ийнхүү биелэлээ олж байна.

Эх орондоо дунд оврын автобус угсарч, үйлдвэрлэж эхэллээ

Монгол улс 2006 оноос хойш троллейбус хийж, өдгөө хүртэл нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд “Монголд үйлдвэрлэв” нэртэй автобуснууд явж байгаа. 2014 оноос эхлэн Монгол инженерүүдийн ур ухаан шингэсэн “J-800” маркийн автобусуудыг эх орондоо угсарч, үйлдвэрлэж эхэлсэн билээ. Тэгвэл монгол инженерүүд дунд оврын автобус үйлдвэрлэж эхэлсэн байна. Дунд оврын автобус маань жолоочтойгоо нийлээд 22 хүний зөөлөн суудалтай. Техник үзүүлэлтийн хувьд “Камминс” евро хоёр хөдөлгүүртэй.

Хоньчин Г.Далай ОХУ-ын Хөдөлмөрийн баатар боллоо

Хоньчин Гунгаагийн Далай ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Хөдөлмөрийн баатар болсон талаар таатай мэдээлэлийг хүргэж байна.  Жил бүрийн 5 дугаар сарын нэгний хөдөлмөрчдийн баярт зориулж ОХУ-ын хөдөлмөрийн сайчуудыг үнэлж хөдөлмөрийн баатруудыг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд  Сибирь, Урал, Волга, Москвагаас таван хөдөлмөрийн баатар тодруулсан нь багш, хоньчин, газрын тосны мэргэжилтэн, цэргийн мэргэжилтэн, дуучин хүмүүс байжээ.

Энэ өдрийн сайн мэдээний тойм энд хүрээнд өндөрлөж байна.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх ая”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.

Гэгээлэг бүхэн өргөжин тэлж, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтгуай.

www.Chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эрдэнэт үйлдвэр луйвар хийсэн бол түүнийг илчлэх нь ард түмэнд хэрэгтэй "Сайн мэдээ" болох юм. Луйврыг нь нуугаад мөнгө аваад магтаад байх юм бол "Муу мэдээ" л болно шүү дээ.
2016/05/02 103.17.108.42