8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Билгүүн: Ажилтнаа морь мал мэт зүтгүүлдэг ч ар гэрийн асуудлыг нь анхаардаггүй

2016-05-03 11:14:00

Өхөөрдөм гар, өөр хэнээс ч үнэртэхгүй тансаг үнэр энэ бол энэ орчлонд “Аав”-аа хэмээн дуудуулж ирсэн тэр бяцхан бурхан үрийн тань үнэр. Өөрийнхөө үргэлжлэл болсон алдрайхан үрээ бодох бүрт үнэр нь ханхалж инээд нь сонсогдох агшинд л эр хүн та энэ амьдралын утга учрыг ойлгож зөвхөн үрийнхээ л төлөө амьдрал нь улам асаж дүрэлзэн эрч хүчээр цэнэглэгддэг буй за.. Аяа аав хэмээх алдараас илүү эрхэм шагнал цол гуншин энэ орчлонд үгүй билээ. Гэвч Аав хэмээх эрдэнийн гурван үсэгний эзэн та чухам энэ л үгнийхээ хайр буян хишигийг дааж амьдарч  чадаж байна уу. Хорвоод дутагдах зүйлгүй зүрх дүүрэн хайртай атлаа бялхсан хайраа дунд мэт  эндүүрч, босгосон амьдралаа хямд мэт андуурч хөл нь гуйвж сархадын шилтэй нөхөрлөж, хөөрхөн үрсийнхээ харцанд нь айдас хүртэл хургадаг ойворгон нэгэн бидний дунд бишгүй  дээ л байгаа. Би “Монгол эр хүн” хэмээн цээжээ дэлдэн босоо гэдгээрээ омогшдог атлаа босго давж гэртээ ормогц гэргийдээ хүртэл аагаа гаргах болсон нь Монгол эр хүний тэр эрхэм нандин чанар,  жудагтай, хүнэлэг энэрэнгүй зан чанар алсад одсоныг илтгэх мэт. Монголд өнөөдөр 80 мянга гаруй өрх толгойлсон эмэгтэй байна. Тэгвэл  цагтаа орчлонд гайхуулж морин дэл дээр хийсч явсан тэр тэнгэрлэг эрчүүдийн орон зай энэ үед л үгүйлэгдээд байх шиг. Өнөөдөр дээрх тоо  олон Монгол  айлын гэр нь эзгүйрч, үр нь өнчирсөнийг илтгэж байна. Тэгвэл эх орныхоо хилийн манаанд, эрхэм үрсийнхээ зүрхний магнаанд зогсох учиртай эрчүүдийнхээ орон зайг хайхаар, энэ удаад  “Сайхан Монгол аав” ТББ-ын тэргүүн Э.Билгүүнтэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

- Сайн байна уу? Та эхлээд байгууллагынхаа үйл ажиллагааг уншигчиддаа товч танилцуулна уу?

Манай “Сайхан монгол аав” ТББ 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгууллагын зорилго гэвэл эрчүүд рүү чиглэсэн  сургалт  судалгаа,  Монгол улсын хөгжлийн төлөө гэр бүлийн бат бэх байдлыг хадгалахын төлөө аав хүнд, эр хүнд  байх ёстой эрхэм чанаруудыг таниулж нийгэмд эерэг өөрчлөлтийг өгөх зорилготойгоор анх байгуулагдсан.

- “Сайхан Монгол аав” ТББ-ыг анх яагаад байгуулах болсон бол?

Би өөрөө аавгүй өссөн хүн л дээ. Манай аав намайг 3 настай байхад өвчний улмаас нас барсан юм. Хүнд аавын нөмөр нөөлөг гэж их үгүйлэгддэг. Насанд хүрээд гэр бүлтэй болох үед надад маш их асуудал тулгарсан лдаа. Гэр бүлтэйгээ зөрчилдөх үед хаана хэнд хандахаа мэдэхгүй болсон учраас шийдэх арга замыг хайж эхэлсэн. Тэгээд л өөр шигээ гэр бүлийн асуудалтай хүн бүрт туслаж тулгамддаг асуудлыг нь шийдвэрлэж Монголын гэр бүлийг аз жаргалтай сайн сайхан байлгахын тулд өөрийнхөө чадах чинээгээ зориулахыг хүссэн юм. Ер нь бол одоо бидний үе буюу 70-80 аад оныхон дунд гэр бүл салалт маш их байгаа. Энэ нь өөрсдийнхөө үүргийг ухамсарлаагүй, гэр бүлээ төлөвлөөгүйтэй холбоотой. Яг над шиг аавгүй өссөн олон хүнд аав гэдэг эрхэм нэрний утга учир, аавын үүргийг нийгэмд таниулахыг хичээж байна. Монголд гурван гэр бүл тутмын нэг нь салж байна гэсэн харамсалтай тоо баримт бий. Тиймээс ялангуяа одоо шинэ гэр бүл болж байгаа 20 орчим насны залууст анхнаас нь сайн аав байхын ухааныг сургах нь чухал.

- Насны хувьд хэд орчим насныхан дунд гэр бүл салалт хоёр дахь амьдрал зохиох байдал их байдаг вэ?

Ер нь бол ажиглаад байхад 40-өөс дээш насныханд  хоёр дахь  амьдрал, нууц амрагийн асуудал их байдаг. Энэ насныхан хөл дээрээ босчихсон тогтвор суурьшилтай, амьдралаа аваад явчих хэмжээний болсон байдаг учраас ийм амьдрал зохиох сонирхолтой байдаг.  Эр хүн гэр бүлийн ариун байдлыг сахих нь чухал л даа . Хамгийн гол нь гэр бүл салалт хоёр дахь амьдралын цаана  хүүхэд л өнчирч байна гэдгийг залуу аавуудад бид ойлгуулдаг.

- Ер нь гэр бүл салалт хэдэн оноос идэвхижиж эхэлсэн вэ. Одоо бараг л гэр бүл салах нь энгийн үзэгдэл мэт болж. Дээхэн үед бол энэ асуудал хатуу чанга байсан?

Гэр бүл судлаачдын судалгаагаар 2000 он гараад Ардчилал хөгжсөнөөс хойш гэр бүл салалт ихэссэн гэж үздэг. Энэ нь нөгөө талаас МУ-ын хүн амын “Гэр бүл”-ийн хууль дутмаг байгаа нь харагддаг. Тухайлбал эдийн засгийг нь дэмжиж байна гээд яг хөдөлмөрлөх насны шижигнэсэн залуусыг гадагшаа гаргачихдаг.

Гэтэл  гадагшаа яг нөхөн үржихүйн насны залуусыг явуулчихдаг нь  биологийн хэрэгцээгээ хангах боломжгүй болчихдог. Мөн хөдөө уул уурхайн ажилд  явуулахад хүртэл ийм асуудал тулгардаг. Гэр бүл салалтын бас нэг тодорхой шалтгаан бол энэ. Тиймээс үнэхээр хүнээ дэмжиж л байгаа бол гэр бүлээр хамтад нь ажиллуулах тэнд нь эхнэрийг нь  ажилтай, үр хүүхдийг нь сургуультай болгодог байх хэрэгтэй.Залуучууд амьдрах гээд л зүтгээд байдаг. Гэтэл хол байснаар эцсийн дүнд үл ойлголцол гарч салалт л үүсдэг. Биологи сэтгэл зүйн хэрэгцээг нь салгаад хаячихаар мөнгө байгаад ч нэмэргүй болчихно шүү дээ.

- Танайд байгууллагууд голчлон ямар чиглэлийн сургалт авах хүсэлт тавьдаг вэ?

Байгууллагууд ажилтнаа дуулгавартай байлгах, ажлын бүтээмжийг нь дээшлүүлэх зорилгыг л өмнөө тавьдаг. Гэхдээ тэр байгууллага дотор байгаа хүн бүр гэр бүлтэй, гэр бүл бүрт асуудал бий.  Ар гэртээ асуудалтай хүн ажлын байрандаа байхдаа ажлын бүтээмж муутай, сэтгэл санаа нь тайван байхгүй шүү дээ. Тиймээс аливаа хүний ажлын бүтээмжийг нь сайжруулах, сайн ажилтан байлгахын тулд хамгийн түрүүнд ар гэрийг нь ойлгох ёстой.  Байгууллага болгонд л  хүний нөөц гэж байдаг даа. Гэтэл өнөөдөр хүний нөөц нь захирлын туслах нарийн бичиг, хийгээд бичиг цаастай зууралдаад л явж байдаг. Гэтэл тэр гэр бүлд хорт хавдартай өвчтэй хүн байна уу ,тэр  хүний сэтгэлд нь юу байгааг нь мэдэрч тэр бүхэнд нь давхар сэтгэлзүйчийн үүрэг гүйцэтгэх ёстой. Гэтэл тэгэхгүйгээр энэ хүмүүсийг энэ дотор нь бариад л морь мал шиг зүтгүүлээд л цалин хөлс гэж багахан юм өгөөд байя гэж ойлгодог.   Энэ бол буруу цалинг нь өгөхийн хажуугаар удирдлага ялангуяа хүний нөөц нь ажилтнаа ойлгоод улиралдаа юмуу сардаа нэг удаа эерэг амьдрах, яаж бэрхшээлээ даван туулах талаар сургалт явуулах хэрэгтэй.

Өнөөдөр хүний нөөц бичиг цаастай зууралдаад л явж байдаг. Гэтэл тэр гэр бүлд хорт хавдартай өвчтэй хүн байна уу, тэр  хүний сэтгэлд нь юу байгааг нь мэдэрч тэр бүхэнд нь давхар сэтгэлзүйчийн үүрэг гүйцэтгэх ёстой

- Таны бодлоор аавуудын үүрэг яагаад алдагдчихав, дээхэн үед аав хүн гэртээ гол үүрэг гүйцэтгэдэг байсан. Гэтэл одоо цагт эсрэгээрээ эргэчихлээ?

 Ер нь аав хүнд дөрвөн чадвар байх ёстой лдоо.  Хайрлах чадвар, нэгтгэх чадвар, удирдах чадвар, илгээх чадвар гэж байдаг. Энэ бүхнийг ихэвчлэн аавууд мартсан байдагтай холбоотой. Өнөөдөр аав нарт нийгмийн ороо бусгаа цагт асуудлыг даван туулах, хатуу хөтүүг ялах сэтгэлийн тэнхээ  дутагдаж байдаг.

Аав нар гэр бүлээ эд хөрөнгөөр хангаад зогсохгүй , хайр халамжаар хангах ёстой.Мөн үүрд тантай цуг амьдрахгүй үр хүүхдээ өөрийн амьдрал руу нь илгээхэд бэлдэх үүрэгтэй. Үр хүүхэдтэйгээ ямар мэргэжил эзэмших, яаж амьдрах тал дээр аав нар сайн ярилцаж байх хэрэгтэй лдээ. Миний нэг хэлэх дуртай үг байдаг. Эр хүний хамгийн гоё үг бол “аав” гэдэг үг. Тиймээс энэ эрхэм үгний л эзэн байх учиртай.

- Ер нь эрчүүд ямар шалтгаанаас болж амьдралдаа алдаад байна вэ?

Манайх энэ чиглэлээр хүний үнэ цэнэ, амжилтын сэтгэл зүй, хүний мөн чанар, зорилготой амьдрал, байгууллагын  ёс зүй өөртөө итгэлтэй байдал, хувь хүний менежментэд суралцах нь зэрэг сургалтууд явуулдаг лдаа. Эр хүнийг устгаж байгаа таван зүйл байдаг. Хамгийн анхных нь зориггүй байх нь эр хүнийг үгүй хийж байдаг. Мөн маш олон эрчүүд архидалт, ёс бус бэлгийн харилцаанд орох нь гэр бүл салалтын том шалтгаан.  Нөгөө талаас хүч чадалдаа эрдэх.  Би л гэр бүлээ  тэжээж байна гэсэн аястайгаар эхнэр үр хүүхэдтэйгээ харилцдаг. Нэг жишээ дурдъя л даа. Манайд ЕБС-ийн нэг хүү хандсан. Аав нь  том компаний захирал , тэрээр хүүхдийнхээ  сургалтынх нь төлбөрийг нь төлөөд дутагдах зүйлгүй байлгадаг. Ерөөсөө л утас, интернет орчинд маш их цагийг өнгөрөөж амьд харилцаа гэж үгүй болсон. Харин аавынхаа хайраар дутагдсан  хүүхэд нь өөрөө сэтгэл зүйчид хандаж манай аавд ойлгуулаад өгөөчээ гэж байх жишээтэй. Уг нь аав нь тэгэх ёстой л доо. Хүүхэд мэдлэг төлөвшлийнхээ 50 хувийг гэр бүлээсээ авч байдаг. Тиймээс таны хүүхэд  ямар хүн болох нь зөвхөн танаас л шалтгаалдаг. Хүүхэд томчуудын толины тусгал байдаг шүү дээ.  

- Одоо үед бие даасан эмэгтэйчүүд бараг л ажилгүй нэгэнтэй амьдарсанаас ганцаараа байсан дээр гэсэн сэтгэхүйтэй болчихсон нь ажиглагддаг лдаа. Таны бодол?

Энэ бүхэнд хүмүүсийн өсөж төрсөн орчин ээж, аавын зан чанар давамгайлдаг лдаа. Уламжлалаараа болдог. Аав, ээжтэй элэг бүтэн өссөн хүүхэд гэр бүлтэй байхыг л чухалчилдаг. 1992 оноос хойш архидалт маш их болсон. Эрчүүд архинд хэт орсоноор  олон хүүхэд өнчирч доголон амьдарлаар амьдрах болсон. Монголд одоогоор  өрх толгойлсон 80 мянган эмэгтэй байдаг. Гэтэл эсрэгээр нь өрх толгойлсон  эрэгтэйчүүдийг нь судлахаар  тоо баримт байдаггүй. Өнөөдөр хэдэн аав  гэр бүлээ авч явдаг бол. Энэ тал дээр ХАХНХЯ болон гэр бүлийн төвүүд анхааралтай хандахгүй бол нийгэм эдийн засаг маш их сөрөг нөлөө үзүүлж байна. Эцэггүй өссөн маш олон хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж байна. Монголын шоронд байгаа 18 мянган хоригдлоос маш олон алдчихсан залуус бий.  Тэдний ихэнх нь өнчин байх жишээтэй. Энэ бол  анхаарлын сэдэв. Манайх ч гэсэн ШШЕГ-т энэ тал дээр хамтран ажиллах санал хүргүүлсэн байгаа.

Эрчүүд архинд хэт орсоноор  олон хүүхэд өнчирч доголон амьдарлаар амьдарч байна

- Гэр бүл салалтаас гадна, эрэгтэйчүүдийн наслалт бас нөлөөлж байх шиг байгаа юм. Энэ тал дээр гаргасан  тодорхой судалгаа байдаг байх?

МУ-ын хүн амын  48,6 хувь нь эрэгтэйчүүд байдаг. Тэдний нас  баралт сүүлийн 3 жилд эрс өсч байна. Ялангуяа нас баралтаас өрх толгойлсон олон хүүхдүүд өнчирч үлдэж байна. Энэ тоог эмэгтэйчүүдтэй харьцуулахад 64,9 буюу эмэгтэйчүүдээс 9 хувиар богино насалж байна  гэж ойлгож болно. Мөн эрчүүд гурав дахин илүү осол гэмтэлд өртөж, амиа хорлолт эсрэг хүйстнийхээс долоо  дахин өндөр байна. Мөн эрчүүд авто замын осолд дөрөв дахин их өртөж 8,1- 11,3 хувь нь элэг, гэдэс, уушигны хорт хавдараар өвчилж байгаа нь эмэгтэйчүүдээс  8 дахин өвчлөл өндөр байна. Энэ бол эрчүүдийн эрүүл мэнд эмэгтэйчүүдээс түлхүү тавигдах цаг нь болсоныг харуулж байна.

- Ажиглаад байхад хүмүүс хөвгүүдээ хойш нь тавьж, охин хүүхдээ л эрдэм боловсролтой болгохыг эрхэмлэдэг. Энэ нь эрчүүдийн амьдралд нөлөө үзүүлдэг байх?

Ихэнх эрэгтэйчүүд өнгөрсөн хугацаанд ийм зүйлд л алдаагүй бол миний амьдрал сайхан байх байсан юм гэж ярьдаг. Анзаарч байхад дийлэнхдээ бол нэгдүгээрт боловсрол эзэмшиж чадаагүй гэдэг.  Хүн ер нь амьдралдаа  хоёр зүйлийг алдахгүй байх ёстой лдоо. Боловсрол ,гэр бүл.  Харин маш олон залуус боловсролоо зөв сонгоогүй, эсвэл эзэмшээгүйгээс  нийгэмд хөл алдаж ажилгүй, орлогогүй байна.Уг нь Монголчууд уламжлалт эцгийн эрхэт ёстой. Тэгсэн хэрнээ хүүхдүүдээ охиндоо л хамаг бүхнээ зориулдаг. Гэтэл охидын боловсрол сайжираад хөвгүүдийнх 2-3 дахин муу болж ирдэг. Боловсролтой эмэгтэйчүүд боловсролгүй эрчүүдийг сонгохгүй нь элбэг. Энэ мэтчилэн боловсролын харилцаанаас болоод янз бүрийн асуудал үүсч байгаа . Боловсролгүй эрэгтэйг сонгочихъё гэж бодоход бие даасан эмэгтэй  яваандаа ганцаараа амьдарсан нь дээр гэж боддог. Гэхдээ эмэгтэйчүүд гэр бүлтэй болохоосоо өмнө энэ талаар бодоогүй байдаг. Уг нь эрэгтэйчүүд нь гадуур ажлаа хийж эмэгтэйчүүд нь галаа манадаг уламжлал бий.. Тэр уламжлалаа Монголчууд өөрсдөө эвдчихсэн.  Эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр  дахин өвчинд тэсвэртэй, сэтгэл зүйн хатуужилтай байгалиасаа биологоороо даван туулах чадвар өндөр байдаг учраас ганцаараа ч амьдарчих чадамж тэдэнд бий. Тиймээс эмэгтэйчүүд боловсролгүй, амьдралд дэм тусгүй нөхрөөсөө салаад  ганцаараа амьдарч чадна гээд гүрийчихдэг. Гэтэл тэр нь хүүхдэд нь яаж нөлөөлж байгааг ойлгодоггүй.  Энэ байдлаас хойд эцгийн асуудал,  гэр бүлийн хүчирхийлэл гээд олон сөрөг зүйл гарч ирдэг.

Монголын шоронд байгаа 18 мянган хоригдлоос маш олон алдчихсан залуус бий.  Тэдний ихэнх нь өнчин байх жишээтэй.

- Таны хувьд цаашид тогтвортой гэр бүлийг бий болгох, эрчүүдийг байранд нь аваачихын тулд юу хийх ёстой гэж боддог вэ?
Анхнаасаа гэр бүлийн, эрүүл мэндийн хичээлүүдийг арван жилд өсвөр наснаас нь эхлээд суулгах ёстой юм шиг байгаа юм. 10 жилийн сургалтанд заавал байлгах ёстой. Гэр бүл зохиох талаар хүүхдүүдэд сургуулиас нь эхлээд л дээд сургууль хүртэл олгох хэрэгтэй. Анхнаас нь толгойд нь гэр бүлийн мэдлэгийг суулгачихвал салалт багасна шүү дээ.

- Ярилцсанд баярлалаа. Төгсгөлд нь та уншигчиддаа хандаж юу гэж хэлэх вэ?

Гурван зүйлийг л аавууддаа хэлмээр байна. Тэвч, уучил, хайрла гэж. Тэвчинэ гэдэг бол маш том чадвар байдаг. Маш их зүйлийг өөрийн хүслээр хийх гээд байдаг тэр хүслийг дарах тэвчээр гэдэг зүйл маш чухал. Архи уухгүй, эхнэртэйгээ хэрэлдэхгүй, гэх мэт. Энэ гурван зүйлийг амьдралынхаа туршид  мөрдөж явахыг хүсч байна. Аавууддаа  “Сайхан Монгол аав” ТББ-аас тэвч, уучил, хайрлаарай, аав хүний эрхэм чанаруудыг байнга эрхэмлэж, гэр бүлээ хайрлаж хамгаалж, тууштай тэмцэж амьдрахыг хүсч байна даа.

Баярлалаа таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Rauha
Архи уулгүй, авгай хүүхэн эргүүлэхгүй байхад амьдрал аз жаргалтай, хэрүүл шуугиангүй байдаг. Эмэгтэйчүүд бид эрчүүдээс тийм их зүйл хүсдэггүйшдээ.
2016/05/04 103.17.108.42
hgffd
ih zov humuujiltei zaluudaa, amjilt husey
2016/05/04 103.17.108.42
oyun
сайхан үйл хэрэг байна ажлын амжилт хүсье
2016/05/04 103.17.108.42
zochin
Uhaantai huu bna.Uls orondoo ih zuil duteegeerei.
2016/05/03 103.17.108.42
зочин
монголын аав бүр уншиж нэгийг бодоосой.Үлгэр дууриал болсон сайн залуу байна.Амжилт
2016/05/03 103.17.108.42
зочин
ард нь байгаа эмблем нь хүн намынх биш үү
2016/05/03 103.17.108.42
Зочин
Олон хүмүүс олж уншаасаа олон зүйлсийг ойлгуулсан их гоё ярилцлага байна
2016/05/03 103.17.108.42
Монгол аав
Улс орших, эс орших нь зөвхөн ЭР ХҮН танаас шалтгаалж байдгийг бүү мартагтун
2016/05/03 103.17.108.42
Аавуудаа уншаарай
Сайхан ярилцлага байна, энэ нийтлэлийг олон аавууд бас эхнэрүүд олж уншаасай, муу ч гэсэн эр, мухар ч гэсэн хутга гэдэг дээ, боловсролгүй байлаа гээд арх уухгүй, авгай хүүхэн эргүүлэхгүй л бол эхнэрүүд нь ойлгоод хайрлаал байна даа.
2016/05/03 103.17.108.42
эерэг мэдээлэл их өгч байна баярлалаа сэтгүүлчээ
2016/05/03 103.17.108.42
ухаантан
сайхан л санаачлага байна. Алдах гэж байгаа олон олон аавуудыг ухааруулж амьдралд нь буцаан тавиарай амжилт хүсье
2016/05/03 103.17.108.42
Найз
Билгүүнийг багаас нь мэднээ. Сэтгэл сайтай, ухаалаг, зөв төлөвшил хүмүүжилтэй сайн залуу байгаа юм. Амжилт хүсье.
2016/05/03 103.17.108.42
Аавууддаа амжилт
2016/05/03 103.17.108.42