8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: АТГ-аас оффшор данстнуудыг шалгаж, Хакүхо 893 даваа авч хосгүй амжилтын эзэн болсон өдөр

2016-05-23 18:35:00

Амьдралын хүрд өчүүхэн ч зогсолтгүй эргэлдсээр байгаа шинэ долоо хоногийн мэндийг эрхэм уншигч та бүхэндээ хүргэж байна. Улс төр, нийгмийн амьдралд өрнөж буй халуун сэдвүүдийг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа ийнхүү хүргэж байна.  Хүлээн авч уншина уу.

Татварын буцаан олголтыг энэ 7 хоногт олгож эхэлнэ

Татвараа үнэн зөв мэдүүлж, улсдаа татвар төлснийхөө хариуд хөнгөлөлт чөлөөлөлт эдэлдэг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Энэ жилийн хувьд буцаан олголтыг хоёр ээлжээр олгож байна. Буцаан олголтын баримтаа эхний ээлжинд бүрдүүлж өгсөн иргэд буцаан олголтын мөнгөө авчихаад байгаа юм. Харин хоёрдугаар ээлжинд материалаа бүрдүүлсэн иргэдийн мөнгийг тавдугаар сард багтаан олгоно гэсэн боловч одоогоор буцаан олголт авсан иргэн алга байна. Энэ талаар холбогдох байгууллагын мэргэжилтэн “Манай байгууллагын зүгээс бүх материалыг хянаад дараагийн шатанд шилжүүлсэн. Биднээс шалтгаалсан саатал байхгүй гэсэн үг. Одоо тухайн орон нутгийн Төрийн сангийнхан буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлэх л үлдсэн. Хэрэв та хоёрдугаар ээлжийн буцаан олголтод багтсан эсэхээ шалгая гэвэл манай байгууллагын вэбсайтад нэвтрэн регистрийн дугаараараа шалгаж болно. Шалгаад нэр тань бүртгэгдсэн бол буцаан олголтоо авна гэсэн үг” хэмээн тайлбарлажээ.

АТГ-аас оффшор данстнуудыг шалгаж эхэллээ

Монголын нэр бүхий оффшор данстнуудыг өмгөөлөгч Г. Батбаяр энэ сарын 16-ний өдөр ЭЦГ-ын Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтэст шалгуулахаар өргөдөл гаргасан. Тэрбээр ҮХ-ийн 17.3 “..албан татвар төлөх” гэсэн Монгол улсын иргэн хүний заавал биелүүлэх үүргийг үндэслэн Эрүүгийн хуулийн 162 (..худалдаа эрхлэх нэрээр халхавчлан хууль бус үйл ажиллагаа явуулах), 166(татвар төлөхөөс зайлсхийх), 1661(мөнгө угаах), 2701 (хууль бусаар хөрөнгөжих) зэрэг зүйл ангиар шалгаж өгөхийг хүссэн байна. Дуулиан  дэгдээгээд байгаа оффшор данстнуудыг ЭЦГ энэ сарын 20-ны дотор АТГ-т шилжүүлж, хамтарч ажиллана гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн НПГ оффшор данстнуудыг шалгах асуудалд давхар хяналт тавин, анхаарч ажиллах юм байна.

Монополь "Мобиком"-ын луйварыг таслан зогсоох газар байна уу

Монголын анхдагч хэмээн өөрсдийгөө тодорхойлодог үүрэн холбооны компани болох Мобиком корпараци сүүлийн үед хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж, таагүй мэдээлэлүүд ар араасаа гарах болсон. Анх "Мобиком Корпораци" нь Монголын "Ньюком", Японы "Сүмитомо” болон "KDDI" корпорациудын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 1996 оны гуравдугаар сарын 18-нд Монголын хамгийн анхны үүрэн телефон холбооны оператор компани болж байгуулагдсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар Мобиком Корпораци нь Монгол улсын гурван хот болон 21 аймаг, томоохон сум, төв сууринг хамарсан 356 газар, xүн aмын 90 хувьд хүрcэн үүрэн телефон холбооны сүлжээгээ байгуулж чадсан хэдий ч хэрэглэгчдээ мөлждөг луйвараа зогсоогоогүй байна. Манай сайтын редакцид иргэн О хохирсон талаараа мэдээлэл өглөө. 

Иргэн О 9911.... дугаар барьдаг аж. Түүний дараа төлбөртийн энэ сарын төлөлт урьд саруудаасаа их гарсан бөгөөд үүнийг санаандаггүй байдлаар тодуурлахад луйвар хийсэн нь илчлэгдсэн байна.

Тодруулбал, Иргэн О төлбөрөө хийхэд 2.2GB-ын эрх ирсэн бөгөөд, үүнийгээ дуусаад дахин 2.2GB нэмэлт дата багцыг ашиглахаар  592 дугаарт 2.2GB гэсэн мессэжийг илгээсэн боловч систесээс ямар хариу ирүүлээгүй байна. Хариу ирэхгүй байсан учраас дахин 2.2GB нэмэлт дата багцыг ашиглахаар  592 дугаарт 2.2GB гэсэн мессэжийг явуулсан байна. Хоёр дахь мессэжний хариу амжилттай болж, дата багцаа идэвхжүүлж чадсан байна. Тус хэрэглэгч төлбөрөө төлөхдөө яриа биш, зөвхөн дата багцаа шалгаад үзэе гэтэл та хоёр удаа дата багц идэвхжүүлэхээр хүсэлт явуулсан байна. Хоёр удаа явуулсан учраас та ашиглаагүй ч гэсэн төлбөрөө төлөх ёстой гэсэн  хариултыг тус хэрэглэгчид хэлсэн байна. Уг нь иргэн О хоёр удаа хүсэлт явуулсан ч нэг удаагийн дата багц ашиглах хүсэлт амжилттай болсон аж. Нэг үгээр хэлэхэд нэг багц ашигласан ч хоёр удаа  хүсэлт явуулсан гэдгээрээ мөнгөө нэг дахин нэмж төлөхөөр болж байгаа юм. 

Жишээ нь иргэн та мобикомын дата багц ашиглахаар хүсэлт явуулахад системээс хариу ирэхгүй байвал  та хүсэлтээ 6 удаа явуулсан гэж бодоход 6 удаагийн дата багц авсанаар мөнгөө төлөх болж байгаа юм. Үндсэндээ 6 удаа хүсэлт явуулаад нэг л удаа дата багц ашиглаж байна гэсэн үг. Харин та төлбөрөө төлөхдөө 6 удаа хүсэлт явуулсан гэдгээрээ төлөх болчоод байгаа юм. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.  

Г.Мягмаржав: Оюутнууд “Оюутан цэрэг хөтөлбөрт маш идэвхитэй хамрагдаж байгаа

Оюутан цэрэг” хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Ингэснээр оюутан залуус хичээлийнхээ хажуугаар хөтөлбөрт хамрагдаж цэргийн албаа хаах боломжтой  юм.

 “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн зохицуулагч, Шинжлэх ухааны доктор, профессор, хурандаа Г.Мягмаржавтай ярилцлаа.  

Өнгөрсөн 2014 оноос эхэлж “Оюутан цэрэг хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хичнээн оюутан цэргийн алба хаасан вэ?

-Өнгөрсөн 2013 оны 6 дугаар сарын 28-нд Монгол Улсын ерөнхийлөгчийн 92  тоот зарлиг гарсан. Энэхүү зарлигийн дагуу “Оюутан цэрэг” хөтөлбөр боловсруулж, Засгийн газрын хурлаар оруулж,  энэ хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол гарсан. Энэхүү тогтоолд Батлан хамгаалах яам, БСШУЯ хамтарч  оюутнуудыг цэргийн алба хаалгах журам гаргаж батлуул гэж заасан байсан. Ингээд Батлах хамгаалах яам БСШУЯ-ны сайд нарын хамтарсан тушаал гаргаж,оюутнууд цэргийн алба хаах журам батласан.

 Өнгөрсөн  2014 онд эхний ээлжинд 418 оюутан хамруулсан. Харин 2015 онд мянган оюутан хамруулсан. Оюутнууд энэ хөтөлбөрт жил ирэх тусам  маш идэвхитэй хамрагдаж байгаа.

-“Оюутан цэрэг хөтөлбөр” оюутнуудыг бүртгэхдээ шалгуур  тавьдаг уу?

-Энэхүү хөтөлбөр оюутнуудыг хамруулахдаа эхлээд сургуулийн сургалтын алба бүртгэнэ. Үүний дараа харьяа дүүргийн цэргийн хэлтэсүүд бүртгүүлнэ. Ингээд цэргийн бүртгэлээс шалгаж “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамруулж байгаа. 

-Энэ жил хичнээн оюутнууд хамрагдаж байгаа вэ?

-Энэхүү хөтөлбөрийг  маш их ач холбогдолтой гэдгийг мэдээд оюутнууд нэлээд идэвхитэй хамрагдаж байгаа. Энэ жилийн хувьд нийслэлээс 750 оюутан, Ховд аймгаас 150 оюутан, Дорнод аймгаас 100 оюутан хамруулахаар бүртгэж авсан. Энэ жил нийтдээ мянган оюутан хамрагдаж байгаа. Дорнод аймгийн оюутнууд Дорнодын цэргийн ангийн сургалтын баазыг түшиглэж, Ховдын оюутнууд Ховдын цэргийн ангийг түшиглэж сургалтыг явуулна. Бид хөдөө орон нутаг хэрэгжүүлэх зорилгоор хоёр цэргийн анги дээр туршиж үзэж байгаа юм.

-Хөтөлбөрт хамрагдсан оюутны бэлтгэл сургалт нь хэзээ эхлэх вэ?

-Энэ жил мянга гаруй оюутныг бүртгээд эхний сургалт явагдаж байгаа. Эхлээд “"Цэргийн ерөнхий бэлтгэл" хичээлийг хоёр кредит, 96 цагаар сонгож судлана.Ингэхдээ оюутнууд  хоёр кредитийн мөнгөө төлнө. Хоёр кредитээ судалж дуусаад шалгалт өгнө. Шалгалтаа өгсний дараагаар зургадугаар сарын 15-наас  Цэргийн хэлтэсүүд цэрэгт албан ёсоор татна. Ингээд  хоёр сарын турш "Цэргийн тусгай бэлтгэл" сургалтад хамрагдаж, 560 цагийн 12 кредит судлана.

- Хоёр кретидын мөнгө төлдөг гэж байна. Хэдэн төгрөг төлдөг вэ?

Нийтдээ  96 мянган төгрөг төлдөг. Энэхүү сурах бичгийн ном болон хичээл зааж багш нарын цалин хөлсөнд зарцуулагдаж байгаа. Харин хээрийн сургалтын бэлтгэл хоол хүнс, хувцас болон бусад зардлыг төсвөөс гаргаж байгаа.

-Хоёр кретидын сургалтыг  хаана заадаг вэ?

-Хоёр кредитын сургалтыг сургууль дээр групп болгоод хичээлж  байгаа. Энэхүү сургалт амралтын өдөр өглөө 09.00 цагаас өдрийн 14.00 цаг хүртэл явдаг юм.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан оюутнууд сурлага хөдөлмөртөө маш  өндөрт амжилт гаргаж байгаа. Мөн тэвчээртэй, хүнтэй  харьцах харилцаан хүртэл сайжирдаг юм. Үүнээс гадна өнгөрсөн жил 100-аад оюутнууд тамхинаас гарсан гэх мэт үр дүнтэй зүйлүүд олон  байгаа.

- Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдснаар оюутнууд  эрүүл мэндээр хасах тохилдол байна уу? 

 - Хасагдах тохилдол байгаа. Оюутан залуусын дунд суудлын өвчтэй  болон  таргалалт их байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Хакүхо 893 даваа авч хосгүй амжилтын эзэн боллоо

Мэргэжлийн сүмо бөхийн энэ сарын Нацү башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал нэг ч унаагүй, 15 даваатай тэргүүлж, Японы Эзэн хааны цомыг 37 дахь удаагаа хүртлээ. Тэрбээр энэ башёгийн хоёр дахь өдөр 880 дахь даваагаа авч, дээд зиндаанд хамгийн олон давсан бөхийн амжилтыг эзэмших болсон. Манай бусад хоёр аваргын хувьд энэ башёд Харүмафүжи 10, Ананд 11 давлаа. Ийнхүү Японы мэргэжлийн сумо бөхийн дээд буюу Макүүчи зиндаанд хамгийн олон түрүүлсэн түүхэн амжилтыг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр 893 түрүү хүртэж тэргүүлж байна. Энэ бол хосгүй амжилт. Түүний араас Кайо 879, Чиёнофүжи 807, Китаноүми 804, Тайхо 746 түрүүлсэн амжилтаар тус тус удаалж байгаа юм. 2015 оны нэгдүгээр сард Хакүхо М,Даваажаргал аварга дээд зиндаанд 33 дахь удаагаа түрүүлж, 1700 жилийн түүхэнд эвдэгдээгүй амжилтыг эзэмших болсон бөгөөд өнөөдөр түрүүгээ 37 болгож бүх цаг үеийн хосгүй амжилтын эзэн болоод байна. Мөн нэг ч уналгүй 15 давж түрүүлсэн башёгийн тоогоор бүх цаг үеийн сумочдын нэгдүгээрт орж байгаа төдийгүй дараалсан түрүүнийхээ тоогоор 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн хамт нийт сумочдын тэргүүнд бичигдэж байна.

Хурд хэтрүүлснээс болж 4 хүн нас баржээ

Автомашин жолоодож явах үедээ хурд хэтрүүлснээс болж осолд орох, амь насаа алдах харамсалтай тохиолдол гарсаар байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ийм төрлийн хоёр хэрэг гарч, 4 хүн нас баржээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р багаас 16-р зөрлөг хатуу хучилттай замд “Т.Cresta” маркийн автомашин онхолдож жолооч 39 настай эрэгтэй Т газар дээрээ нас барсан алдсан байна. Түүнчлэн Хэнтий аймгийн Мөрөн сумын 3-р багаас УБ хот явах чиглэлд шороон замд “H.Grace” маркийн авто машины жолооч М нь “H.Avante” маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 52 настай эмэгтэй Ц, 22 настай эрэгтэй Е нар мөн газар дээрээ нас баржээ. Мөн аймгийн Батноров сумын Бэрх тосгоноос 15 километрт шороон замд Мустанг маркийн автомашин онхолдож жолооч 28 настай эрэгтэй Х нас барсан хэрэг гарчээ.

Э.Бат-Үүл: Чулуудайн компани оффшор данстай, гүйлгээ хийсэн байвал би огцорно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Цензургүй сурвалжилга” нэвтрүүлэгт оролцсон юм. Тэрбээр энэхүү нэвтрүүлэгт орохдоо оффшор компани, данстай холбоотой байр сууриа ийнхүү илэрхийлжээ. Тодруулбал, Тэрбээр "Хэрвээ миний хүү Чулуудайн компани их хэмжээний мөнгөн дүнгийн данстай, гүйлгээ хийсэн байвал би өөрийн хүсэлтээр ажлаа өгнө. Шууд огцорно.  Хүүгээ дуудаад “Хүүе, юун оффшор данс болоод явчихав. Юу болоод байна аа” гэж асуусан. Тэгэхэд Чулуудай “Би 2011 онд найзтайгаа нийлээд оффшор компани байгуулах гэж оролдсон. Оффшор компанид бүртгүүлээд данс ч нээж чадалгүй, гүйлгээ ч хийж чадалгүй хаагдсан юм” гэж хэлсэн. Тиймээс би огцрох хүсэлтээ өөрөө гаргана." түүгээр ч зогсохгүй цаашид сонгуульд нэр дэвшихгүй байж чадна” гэдгээ мэдэгджээ.

Б.Цэвээндаш Эверестийн оргилд хоёр дахь удаагаа гарлаа

Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш энэ сарын 21-ний өдөр Дэлхийн дээвэр Эверестийн оргилд амжилттай гарчээ. Тэрбээр ийнхүү хоёр дахь удаагаа гарч чадсан байна. Өмнө нь 2012 оны тавдугаар сард өмнөд замаар авирч, анх удаагаа Эверест оргилд гарч байсан юм. Энэ удаагийн Б.Цэвээндашийн авиралт нь Эверест ууланд хийсэн гурав дахь авиралт болж байна. Учир нь 2015 оны дөрөвдүгээр сард хоёр дахь удаагаа, МУГТ ОУХМ Т.Гүррагчаагийн хамтаар авирсан боловч 7000 м өндөрт /хойд замаар/ хүрээд байхад нь авиралт цуцлагдаж байжээ. 

Арилжааны банкууд зээлийн хүүг бууруулах боломжгүй гэсэн хариу өгчээ

Зээлдэгчдийн холбооноос Арилжааны банкуудын зээлийн хүү хэт өндөр байгаа нь иргэдэд дарамт болж байгаатай холбогдуулан, арилжааны банкуудад зээлийн хүүг жилийн зургаан хувь болгон бууруулах бүрэн боломж байгааг судалж, энэ дагуу зээлийн хүүг бодитоор бууруулахыг арилжааны банкуудаас шаардан бичиг хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Уг шаардах бичгийг хариу ирсэн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Арилжааны банкууд зээлийн хүүг бууруулах боломжгүй гэх тайлбарыг тус холбоонд ирүүлсэн байна. Тодруулбал, Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго ярихдаа "Банк тус бүрийн удирдлагуудтай уулзах хүсэлтийг хүргүүлсэн ч тэдний өмнөөс Банкуудын холбооноос боломжгүй гэх нэг хариуг өгч байгаа юм. Энэ нь арилжааны банкууд үгсэн хуйвалдаж иргэдийг зээлийн хүүгээр дарамталж байна гэж үзэхэд хүргэж байна" гэдгийг энэ үеэр онцолсон юм.

АН нэр дэвшигчдээс мөнгө нэхэв

УИХ-ын  сонгуульд дэвшигчид өнөөдрөөс  тодорч эхэлнэ. Урьдчилсан байдлаар хаана, хэн нэр дэвших талаарх хэвлэл мэдээллийн хэрэгслээр  цацагдсан. Тэгвэл сонгууль эхлэхэд сар гаруйхны хугацаа үлдсэн энэ үед бие даагчдыг хавчсан хийгээд зарим сөрөг мэдээллүүд хөвөрсөөр байгаа билээ. Тухайлбал, АН нэр дэвшигчдэдээ нэг тойргоо 100 сая төгрөгөөр үнэлсэн гэх мэдээллийг Ж.Батзандан гишүүний зүгээс цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэрбээр "БЗД-ийн АН УИХ-д нэр дэвшье гэвэл 100 сая төгрөгийн татвар төл гэнэ. Татварыг уг нь хуулиар зөвхөн УИХ тогтоох эрхтэй байдаг юм шvv дээ. Тэгээд ч ийм их мөнгө төлж УИХ-д дэвших хэрэг алга" гэв. Баянзүрх дүүргийн АН-ын Зөвлөлдөх зөвлөлийн хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн дэвшигчийн татварыг 100 сая төгрөгөөр тогтоож, БЗД-ийн АН-ын Хаан банкны ...............тоот дансанд энэ сарын 24-ний дотор тушаахыг үүрэгджээ.

Шатсан цогцосыг хэн болохыг тогтоожээ

Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р дугаар багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газар буюу “Шувуун фабрик”-ийн орчим өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан цогцос олдсон хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Шатсан цогцос нь эрэгтэй хүний 25-аас дээш настай, 168 см урттай, уруулын дээр болон доор оpчим сахал мэт зүйл шатаж харласан, зулайн ар орой хэсэгт 5 см урттай хар өнгийн үс шатаагүй үлдсэн, биеийн хэсэг нэлэнхийдээ шатаж, зарим хэсэг үгүй болсон байна.Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Б.Эрдэнэбат мэдээллэхдээ “Цогцос нь 40 орчим насны, эрэгтэй, үүдэнд шүд бүрэн, уруул дээр болон доор оочин сахалтай, 168 см өндөртэй. Биеийн ихэнх хэсэг нь шатаж, зарим хэсэг нь алга болсон байдалтай олдсон. Мөн дээд эрүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн 1-3 дугаар их араа хуучин байхгүй, шүдний эгнээ жигд бус гурвалжин хэлбэртэй. Их араа байхгүй зэрэг содон шинж тэмдэгтэй. Хэргийн газраас, босоо хар өнгийн судалтай дотуур өмд, цамцны мэт тасархай, “MONTANA” гэсэн бичигтэй жинсэн өмднийх байх боломжтой нэг ширхэг товч мэт зүйл, ажлын гутал байх боломжтой гутлын төмөр хоншоор, гутлын улны метал хамгаалалт, гутлын үдээсний гогцоо мэт 13 ширхэг төмөр зүйлсийг хураан авсан” хэмээсэн юм. Улмаар ийм шинж тэмдэгтэй хүнийг таньж мэдэх хүнийг хайж байгаа талаараа өнгөрсөн долоо хоногт мэдээллэсэн. Харин хохирогчийг хэн болохыг тогтоож, гэмт этгээдүүдийг илрүүлсэн талаараа ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвд дахин мэдээлэл хийлээ. Тодруулбал эрэн сурвалжлах ажиллагааг идэвхтэй явуулсны дүнд хохирогч нь Улаанбаатар хотод оршин суух 53 настай эрэгтэй Б болохыг тогтоожээ. Хохирогч “Б”-г иргэн “Н” хутгалан амь насыг нь хохироон, бусадтай бүлэглэн зөөвөрлөн шатаасан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ. Хохирогчийг ойрын хүн нь хөнөөсөн гэдгийг эх сурвалж мэдээллэлээ.Түүнчлэн хохирогч Б-г гуравдугаар сарын 17-ны өдөр “Булгийн тохой” гэх газарт байсныг иргэн Г, Х нар харсан боловч цагдаагийн байгууллагад хандалгүй хугацаа алдсан байна. Тиймээс тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246-р зүйлд заасан гэмт хэргийг үл мэдээлэх гэсэн зүйл ангиар холбогдуулан шалгаж байгаа аж.

Г.Нандинзаяа “Дэлхийн цом”-д IV байр эзэлжээ

Буудлагын спортын "Дэлхийн цом"-ын тэмцээн Германы Мюнхен хотод үргэлжилж байна.  Тэмцээнд 88 орны 738 мэргэн бууч цэц мэргээ сорьж, Монголоос Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар өрсөлдөж байгаа билээ. Тэмцээний эхний өдөр хийн урт бууны эмэгтэй дасгалд 137 буудагч буудсанаас ОУХМ Г.Нандинзаяа 419,7 оноогоор финалд шалгарч, улмаар финалд 163,7 оноо авснаар 4-р байранд шалгарсан байна. Харин өчигдөр болсон 25 метрийн спорт гар бууны дасгалд 86 буудагч өрсөлдөж, ОУХМ Ц.Мөнхзул 575 оноогоор 36, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 570 оноогоор 45-р байр эзэлжээ. Тэмцээн энэ сарын 25-нд дуусах аж.

Нэр дэвшигчид өнөөдрөөс тодорч эхэлнэ

Улс төрийн намууд нэр дэвшигчдээ өнөөдрөөс тодруулж эхэлнэ. Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчдээ өнөөдрөөс тодруулах бөгөөд энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурал хуралдахаар төлөвлөж байсан ч хойшилсон. Харин Ардчилсан нам ҮЗХ-гоо энэ долоо хоногийн сүүлчээр хуралдуулахаар товлосон. Хуульд зааснаар нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна. Өмнө нь үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа хийдэг байсан бол энэ удаад сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 11-нээс сурталчилгаа хийх эрх нээгдэж байгаа юм.

"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан эрхэм уншигч танд баярлалаа. Таны маргаашийн ажил үйлсэд тань амжилт хүсье. Амьдралынхаа ямар ч өдөр хоногт бүү гутар. Сайхан өдөр чамд аз жаргал авчирч, муу өдрүүд туршлага өгч, хамгийн тааруу өдрүүд хичээл болж байдаг. Маргааш яг энэ цагтаа "Монголын нэг өдөр" тойм булангаа хүргэх болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
batuul ard tumniig doromjilj baih ym daa . yun gyilgee hiisen baival ogtsoroh ve . Hulgai luivaraar olson munguu dans neelgeed abaachaad hiichihsen odoo ter dansandaa hadgalj baigaag ni heleed bna . ofshor dansaar biznes hiij guilgee hiideggui ym
2016/05/28 103.17.108.42