8o
Улаанбаатар хот
mobile menu

Ли Жон Гёлыг баривчилж, Д.Батбаяр оффшор дансныхаа талаар тайлбар хийсэн өдөр

2016-05-25 18:57:00

Хаврын анхны бороо орох гэж ч байгаа мэт

Хариугүй цасан шуурга оволзох гэж ч байгаа мэт

Тэнгэр, дээл наадаг жонхуу шиг зутагнаад

Дээр нь сэтгэл санааг шороо мэт бургиулаад

Ая нь олдож өгдөггүй хаврын тэнгэр ийм

Ааш нь олдож өгдөггүй хүний үр ч ийм

Ард нь гүйдлээ олохгүй, дээдэс нь суудлаа олохгүй

Арай ядан дэнжигнэх төр засаг ч ийм

Удахгүй зун болж цэцэг, навч ургана

Урам зориг сэргэж, хаврын сар улирна

Гашуун зовлон халиравч туулсан замаа санаарай

Галан дунд явсан хуучин нөхдөө дурсаарай хэмээх /Б.Болдсүх : Бүрхэг өдөр / шүлгийн хэсгээс иш татлаа. Цаг агаар хүйтэн сэтгэл санаа гундуухан сууна уу та. Тэгвэл маргаашнаас цаг агаар дулаарах талаар таатай мэдээлэлээр энэ өдрийн Монголын нэг өдөр тойм булангаа эхлүүлье.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Д.Батбаяр Оффшор дансны талаар тайлбар хийлээ

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр өнөөдөр нэр холбогдоод буй оффшор компанийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр  “Оффшор данстай холбогдсон 49 иргэн Монголд байна. Энэ дунд Кёкүшюзан Д.Батбаяр миний бие багтсан байгаа.Би өмнө нь албан ёсоор та бүхэнд хэлж байсан. Арлын Япон оронд надад дөрөв, таван данс бий. Гэхдээ энэ данс бол 20 орчим жилийн өмнө барилдаж байхдаа нээсэн данс юм.Энэ данснуудаас Монгол руу мөнгө орж байсан болохоос Монголоос мөнгө гарч байгаагүй.Миний үеийн нөхдүүд орон дотроо хэвтэж байхад би үүрийн дөрвөн цагт босоод барилдаж, бэлтгэл хийж, эх орныхоо нэрийг гаргаж, араасаа олон сайхан бөхчүүдийг дагуулж хөдөлмөрлөсний үр дүнд цалингаа авдаг байсан данс юм.Сая АТГ, Тагнуулын Ерөнхий Газар, ЦЕГ зэрэг бүхий л шалгах ёстой газар шалгууллаа. АТГ-аас надад хариу ирсэн. Энэ хариунд Кёкүшюзан Д.Батбаяр хамааралгүй юм байна. Энд нэр холбогдсон Даваагийн Батбаяр гэдэг нь өөр хүн юм байна гэсэн. ТЕГ-аас намайг Эрүүгийн Цагдаагийн Газарт ханд гэсэн. Тэгээд Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгуулсан. Хариу нь энд байна. Цагдаагаас ирсэн бичигт оффшор компаниудыг надад хамааралгүй болохыг олж тогтоосон гэсэн байна. Та бүхэнд албан ёсоор мэдэгдэхэд ийм андуурал бас гардаг юм байна шүү” гэв.

Д.Батбаяр: Н.Цэвэгням зодог тайлах ёслол дээр очиж барилдана

Энэ үеэр Кёкүшүзан Д.Батбаяраас дараах зүйлийг тодрууллаа.

-Та энэ сонгуульд нэр дэвших үү?

-Энэ мэдээлэл сонгууль болон нэр дэвшихтэй ямар нэгэн холбоо байхгүй.Би нэр дэвшихээ АН-д илэрхийлсэн байгаа. АН-ын үндэсний зөвлөх хороо энэ сарын 27-нд хуралдаж шийднэ.

-АН-аас Оффшор данстай хүмүүсээ дэвшүүлэхгүй гэж байгаа. Та энд ямар байр суурьтай байна вэ?
-Сүүлийн үед цахим хуудсаар ийм мэдээлэл гарч байгаа. АН оффшор данстай хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй. Энэ дундаа Баярцогт, Кёкүшүзан Д.Батбаяр хоёрыг  нэр дэвшүүлэхгүй гэсэн асуудал явж байгаа. Би нэр дэвшихдээ гол биш Кёкүшүзан Д.Батбаяр хүн ийм данс байдаггүй шүү гэдгийг мэдэгдэх гэж шалгуулсан юм.Дэлгэрэнгүйг энд дарж үзээрэй.

Оффшор дансаар “оноо” авах гэсэн З.Энхболд алхаа цохилгүйгээр чуулганаа өндөрлүүлж байна уу

Улс төрийн сонгууль хаяанд ирж улс төрийн шоуг жинхэнэ утгаар нь харуулж байна.Сонгуулийг угтаад  оффшор данстануудын шуугиан ил гарч, хэсэг л дуулиан тарьлаа.Сүүлдээ бүр оффшор данстай эрхэмүүдээр шоу хийж “оноо” авах гэсэн ажиллагаа хүртэл явагдаж эхэллээ. Анх оффшор данстай 49 хүний нэр ил гарч, ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй нам чимээгүй байлаа. Харин төрийн гурван өндөрлөгийн хоёр нь мэдэгдэл хийж, дуулианыг улам хурцатгаж, оффшор данстангууд нэмж илрээд байна. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан-Уул аймгийн иргэдэд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж иргэдийн асуултад хариулах үедээ “Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвшихгүй шалгуул гэж хэлсэн”  хэмээн мэдэгдэл хийсэн. Харин үүний дараагаар УИХ-ын дарга З.Энхболд телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би оффшор данс эзэмшигчдийн эсрэг байр суурьтай байна. Манай нам оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бусад намыг ч бас ингээсэй гэж уриалъя. Тиймээс С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй" хэмээн хэлсэн байна. Мөн энэ үеэрээ манай намаас оффшор данстай ганцхан хүн байгаа. Тэр нь С.Баярцогт хэмээн тодотгож хэлээд авсан. Түүний энэ үгнээс харахад бусад оффшор данстай хүмүүс манай намд хамаагүй, өөрөөр хэлбэл МАН-д хамаатай гэсэн утгатай үгийг ард түмэнрүүгээ чулуудлаа.

Сонгууль дөхсөн энэ үед ингэж хэлээд ч болов ард түмнээс оноо авахыг хүссэн бололтой. Гэхдээ ард түмэнд энэ үг хэтэрхий шоуны харагдаж байна, Зи даргын энэ үг Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг үгийг бидэнд сануулаад авлаа.  Эцэст нь С.Баярцогтыгоо УИХ-д дэвшүүлэхгүй гэж  түүгээр “туг тахиж” байгаагаа зарлаж намаа гоё харагдуулах гэж оролдлоо. C.Баярцогтын хувьд АН-ын ледир улс төрчидийн нэг. Нэгэнт шалдаа буусан намын нэр хүндээ сэргээх гэж  хамгийн шилдэг улс төрчөө золигт гаргах гэж байгаа нь АН-ын рейтингийг улам доошлуулж байна. С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдэгдэлийн ач буянаар АН-ын оффшор данстай эрхэмүүд ил болж эхэлсэн. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар цаашдаа ч АН-ын олон гишүүд оффшортой нэр холбогдох бололтой. Тодруулбал,УИХ-ын гишүүн Д.Зоригт 30 сая ам.доллар, Д.Батбаяр таван данстай гээд АН-ын гишүүдийн нэрс ойрын өдрүүдэд  нэмж ил боллоо. Дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншаарай.

”Самсунг С&Т” компанийн захирлыг цагдан хорьжээ

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон БНСУ-ын "Самсунг С&Т" компанийн захирал Ли Жон Гёлыг уржигдар /2016.05.23/ шөнө ЦЕГ-ын ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас баривчилж, 461 дүгээр ангид дахин цагдан хорьжээ. Мөн БНСУ-ын "Самсунг С&Т" компанийн захирал Ли Жон Гёлыг яллагдагчаар татсан байна.

 Л.Ганболд: Машин авсанаас тоног төхөөрөмж аваад дуртай зүйлээ хийх хамгийн сайхан

Эдийн засгийн хямрал гэх нэрийдлээр хаа сайгүй сэтгэлгээний хямралд өртсөн хүмүүс болохгүй байна гэх үгнээс өөр зүйл хэлж, хийж чадахгүй болсон нэг хэсэг хүн байгаа юм шиг санагдах юм. Харин эсрэгээрээ аливаад чин сэтгэлээсээ хандаж өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглан дуртай, сонирхолтой зүйлээ хийж өөрт болон бусдад хэрэгтэй зүйлийн хийж өгч байгаа хүн олон. Түүнийг нэг бол Лхагвадоржийн Ганболд. Өөрийн чадлаар “Төмөр хийц” төмрийн үйлдвэрийг байгуулсан өнөөдрийг хүртэл дархнаар нь ажиллаж байгаа тэрбээр “Хэрэглэгч мөнгөгүй болохоор би үнэрхдэггүй өөрт байгаа зүйлээрээ тусалж харилцан ойлголцож ажилладаг. Мөнгө надад  чухал биш. Би дуртай, сонирхолтой болохоор төмрийн дархан хийж  байна” хэмээн ярьсан юм. Ингээд “Төмөр хийц” үйлдвэрийн дархан Л.Ганболдтой ярилцлаа.

-Сэтгүүлч мэргэжилтэй хүн төмөртэй нөхөрлөх болсон түүхээр хоёулаа ярилцлагаа эхлүүлье?

-Сайн байна уу. Эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.  Лхагвадоржийн Намайг Ганболд гэдэг. Сэтгүүлч,  програм  хангамж чиглэлээр их сургуульд сурч мэргэжил эзэмшсэн. 1996 оноос хойш “Төмөр хийц” төмрийн үйлдвэрийг байгуулаад өнөөдрийг хүртэл ажлуулж байна. Нэр минь хүртэл төмөртэй холбоотой утга, агуулгатай.  Манай өвөө дархан хүн байсан. Аав минь төмрийн дархан болон гагнуурчин мэргэжилтэй. Насаараа гагнуурчин хийсэн. Тийм болохоор надад төмрийн дарханы ажил илүү ойрхон, би өөрөө маш их сонирхолтой, дуртай болохоор сэтгүүлч мэргэжлээсээ урвасан.

-Хамгийн анх төмрөөр юу хийж байв. Дарханы удамтай болохоор хийхэд амархан байсан уу?

Хамгийн анх лааны суурь хийж байсан. Тухайн үед хүнд харуулвал ичмээр л юм хийсэн дээ. /инээв/. Дараа нь мужаан хийх гэж үзсэн л дээ. Хүүхдийн ор хийсэн чинь дөрвөн зүг, найман зохист салаад уначихсан.

-Хамгийн анх лааны суурь хийж байсан. Тухайн үед хүнд харуулвал ичмээр л юм хийсэн дээ. /инээв/. Дараа нь мужаан хийх гэж үзсэн л дээ. Хүүхдийн ор хийсэн чинь дөрвөн зүг, найман зохист салаад уначихсан. Тэр  үед би өөртөө хэзээ ч мужаан болохгүй юм байна гэж хэлж байсан. Би их юм сонирхож туршиж  үзэх дуртай. Анх төмрийн дарханы тухай ойлголтыг зурагтаар мэдээ үзэж байхдаа олж сонссон. Хэдий гэр бүлд дархан хүн байсан ч зурагтаар үзэж байгаа зүйл сонин содон санагдаж байлаа. Дараа нь төмрийн дархан Даваасамбуу гэдэг хүнтэй танилцаж асууж мэдэх зүйлээ сурсан. Ингэж явсаар байгаад өнөөдөр төмрөөр юм хийдэг хоббитой болсон. Нэг үгээр хэлбэл төмөрт дурласан. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзээрэй.

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Монгол улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан Монголын өмгөөлөгчдийн холбооноос жил бүр иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай.  Энэ жилийн өдөрлөгийг “Иргэддээ-Тусалъя” нэрийн дор Нийслэлийн ЗДТГ, Монголын Хуульчдын Холбоотой хамтран энэ сарын 27-ны өдөр Чингисийн талбайд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна. Энэхүү өдөрлөг нь 21 аймгийн салбар зөвлөлд Нийслэл хотод нэгэн зэрэг иргэдэд өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

Өнөөдөр болсон үйл явдлыг цөөн үгээр

-Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд Туул голд хүүхэд живж, амь насаа алджээ.  Иймд Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, аялал зугаалгаар явахдаа голын эргийн анхааруулга байрлуулсан хэсэгт усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг онцгойлон анхааруулж байна.

-Энэ оны нэгдүгээр улиралд банкууд нийт 2290.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Шинээр олгосон зээл өмнөх улирлаас 2.3 хувь буюу 50.7 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеэс 5.6 хувь буюу 121.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна. Зээлийг салбаруудаар нь авч үзвэл, 1101.9 тэрбум төгрөг буюу 48.1 хувийг хэрэглээний зээлд, 384.3 тэрбум төгрөг буюу 16.8 хувийг бөөний болон жижиглэн худалдааны салбарт, 229.6 тэрбум төгрөг буюу 10.0 хувийг барилгын салбарт, 150.9 тэрбум төгрөг буюу 6.6 хувийг орон сууцны ипотекийн зээлд, 134.2 тэрбум төгрөг буюу 5.9 хувийг боловсруулах салбарт, 39.9 тэрбум төгрөг буюу 1.7 хувийг уул уурхайн салбарт тус тус олгосон байна.

-Жил бүрийн зургадугаар сарын 1-нд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын баярын өдөр тохиодог. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд энэ өдөр бүх нийтээр амрахаар заасан учраас ирэх долоо хоногийн лхагва гаригт бүх нийтээр амарна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нийслэлийн дүүргүүд ч мөн нутаг дэвсгэртээ тус тус арга хэмжээ зохион байгуулж ажиллах юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Төмөр замын 580 сая ам долларыг хувьдаа идчихсэн жонхуу баттулга гэх ганц хүнийг барьж чаддаггүй АТГ,Цагдаагийн газрыг юу гэх вэ?Хууль нь чөдөр болжээ.УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ баригдвал баривчилна гэсэн ганц заалтай. Өөр нөхцөлд халдашгүй дархан эрхтэй
2016/05/26 103.17.108.42